Thursday, April 12, 2018

Хэрхэн хурдан шивж сурах вэ



Хүн болгон л хурдан бичдэг болохыг хүсдэг. Даргынхаа хажууд гараа харалгүй тачигнатал шивээд л, найзтайгаа чалчингаа ажлаа шивээд л лаг биз дээ. Тэгвэл хурдан бичдэг болохын тулд юу хийх хэрэгтэй вэ? Энд тэндгүй 10 хурууны бичээчийн дамжаа, хурдан бичих дасгал, программ хангамж гэх мэт зүйлс байдаг. Гэхдээ тэднийг танд тус болно гэж би хувьдаа бодохгүй байна. Хурдан бичиж сурахад хамгийн зөв арга нь үргэлж ямар нэг зүйл бичиж байх явдал юм. Гэхдээ мэдээж анхаарах хэд хэдэн зүйл байдаг. Үүнд: Эхний ээлжинд та юу юугүй хурдан бичих гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй. Хамгийн түрүүнд гараа зөв байршуулж, хуруунуудаа харгалзах хэсгүүдэд нь байрлуулж сур. Хэрвээ та анзаарсан бол гаран дээр F, J үсэгнүүд дээр товгор байгаа. Энэ нь анх гар үүсэхэд л байсан товгорууд бөгөөд өдгөөг хүртэл бүх л гаран дээр байдаг юм. Энэ хоёр товгорын туслалцаатай та гараа харалгүй хуруунуудаа зөв байршуулж сурна. Зүүн гарын долоовор хуруу F дээр, баруун гарынх нь J дээр байх ёстой бөгөөд тухайн байрлалаас хоёр гар хоёулаа ижил ачаалал авч, үсэгнүүдээ дарахад хялбар болдог. Маш олон хүмүүс эхнээсээ буруу сурснаар “хоёр хурууны бичээч” болчихдог. Энэ нь хуучны бичгийн машинтай холбоотой. Бичгийн машин дээр чанга, хүчтэй дарахгүй л бол үсэг нь гардаггүй. Тэгээд ч хурдан бичих гэж оролдвол үсэгнүүд нь давхарладаад гацчихдаг байсан. Харин компьютер дээр тийм зүйл байхгүй. Та аяархан товшиход л үсэгнүүд гарна. Та аймшигтай хурдан бичдэггүй л бол компьютерийн гар таниас хоцрохгүй. хоёр хуруугаар бичдэг хүмүүс харахад хурдан биширмээр байдаг ч гэсэн үнэн хэрэг дээрээ 10 хуруугаараа бичдэг хүнээс хамаагүй удаан бичдэг юм. Зүгээр л гараа байнга ийш тийш нь хөдөлгөж зөөх нь сүртэй санагддаг. Харин та 10 хуруугаар бичээд сурчихвал гараа хөдөлгөх хэрэг огт гарахгүй. Ингээд та гараа зөв байрлуулж товчлуураа хөнгөн дараад сурчихвал хурдан бичихэд 50 хувь ойртох нь тэр. Одоо таны хийх ёстой зүйл бол тайван аажуухнаар ямар нэг юм шивэх. Хэзээ ч хурдлах гэж оролдох хэрэггүй. Тайван ажуухан шивснээр та үсэгнүүдийн байрлалыг цээжлэх болно. Түүнчлэн өөрт хамгийн эвтэйхнээр гараа байрлуулж, хуруу болгондоо харгалзах үсэгнүүдийг нь цээжлүүлнэ. Жишээлбэл, таны дунд хуруунууд гарын дунд хэсгийн үсэгнүүдийг таны оролцоогүй цээжлэх болно. Ингээд дунд хэсэг байдаг үсэгнүүд хэрэг болох үед хуруу чинь өөрөө тэр үсэг рүү очно. Харин та өөрөө хичнээн хичээгээд ч тэнд ямар үсэг байдгийг санахгүй. Хуруу чинь өөрөө л санах болно. Харин долоовор хурууны өмчний үсэгнүүд дээр хэзээ ч дунд хуруу очихгүй. Учир нь дунд хуруунуудад ч гэсэн өөрсдийн өмч үсэгнүүд байгаа юм. Харин бичих зүйлээ сонгохдоо ямар нэг ном сонин ч юм уу, хуулж бичих зүйл сонгох гэсний хэрэггүй. Та бичих үгээ хараад эргүүлээд бичих гэсээр байтал хуруу чинь залхчина. Бас үсгээ хайж ядаж байхад давхар үгээ санаж байна гэдэг бөөн ядаргаа. Хамгийн шалгарсан арга бол блог бичих. Блог бичсэнээр та ямар ч юм хуулах хэрэггүй болно. Түүгээр ч зогсохгүй таны блог хэн нэгэнд хэрэг болж ч болно шүү дээ. Хэрдээ блог бичих сонирхол төрөхгүй бол зүгээр л цээжээр мэдэх зүйр үгнүүд, онигоонуудаа шивээд байж болно. Танд харин өөрийн гэсэн компьютер байхгүй бол нэг шалгарсан арга бий. Та интернэтээс гарны дээрээс нь авсан зураг олж аваад түүнийгээ гарны жинхэнэ хэмжээтэй болгоод хэвлээд ав. Ингээд зүгээр л ширээн дээр тавьж байгаад бичих зүйлээ төсөөлөөд цаасан дээрээ гараараа даран бичиж буй мэт хий. Ингэснээр мөн л адил үсэгнүүдээ хуруунууддаа цээжлүүлэх бөгөөд ингэж бэлдсэн хүн компьютертэй хүнээс ч илүү болох нь байдаг. За ингээд танд амжилт хүсье. Эхний ээлжинд хэзээ ч яарах гэсний хэрэггүй. Мөн гаран дээрээ наасан монгол үсгээ арилгах гэсний ч хэрэггүй. Аажимдаа тэр монгол үсэгнүүд угаасаа хэрэггүй болно. Мөн месеэнжерээр монголоор харьцах нь ч гэсэн үр дүнтэй арга шүү. Энэхүү Flash Type хэмээх хурдан бичлэгийн программ нь англи монгол 2 хэлээр бичиж болох ба гарын дадлага, уншиж бичих гэсэн хоёр хэсгээс бүрдэх бүрэн цогц программ юм. Амжилт

No comments:

Post a Comment